Зах зээлийн чиг хандлага хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед бизнес эрхлэчид бизнесээ өргөжүүлэхийн тулд илүү мэдрэмжтэй, шийдвэртэй, хурдтай алхамуудыг хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Тэгвэл ямар алхамууд нь таны бизнесийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

  1. Харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээг таних 

Орчин үед бизнес эрхлэгч нарт байх ёстой чадвар гэвэл үйлчлүүлэгчдээ сайн таниж чаддаг байх юм. Таны бизнесийн ирээдүйн харилцагч үйлчлүүлэгч яг юу хүсч байгааг ойлгож мэдрэх хэрэгтэй. Одоо үеийг өмнөх үетэй харьцуулахад гол ялгаа нь маркетинг хийж байгаа аргачлал юм. Өмнө нь харилцагчдаа таниагүй байсан ч олон нийтэд зар сурталчилгаа цацахад хүмүүс сонирхон бизнес нь өргөжих боломжтой байсан бол өнөө цагт харилцагчдаа таньж түүнд тохирсон маркетингийг хийхгүй л бол амжилтад хүрэх амаргүй болжээ. Тэгвэл харилцагчаа юу хүсч байгаа хэрэгцээг хэрхэн таних вэ? Энэ нь маш амархан та сошиал медиаг ашиглан судалгааны олон аргыг хэрэглэн, мэдээлэл цуглуулах боломжтой. Жишээ нь: Та бараа татан авалт хийхээсээ өмнө фэйсбүүк группийн POLL санал асуулгын тохиргоог ашиглан санал авч хамгийн өндөр саналыг авсан бүтээгдэхүүнийг татаж авчирч болох юм.

2. Зориг ба зорилго 

Сургалт зөвлөгөөнд маань оролцож байгаа ихэнх бизнес эрхлэгчдээ харахад зориг, зорилго дутмаг байх нь ажиглагддаг. Тэд нийгмийн нөлөөллөөс болоод “Бусад хүмүүс намайг юу гэж хэлэх бол? Би чадах болов уу? Мэдээлэл минь үнэ цэнтэй болов уу? гэх мэт бодолд дарагдаж шүүмжлэлээс айдаг. Үүнээс гадна  зарим хүмүүс бизнесээ танилцуулах ч зориг зүрхгүй, брэндээ сайн тайлбарлаж чаддаггүй. Ийм учраас бизнес эрхлэгчид маань нийгэмдээ ямар асуудлыг шийдэх гэж байгаа билээ? Цаашдаа юунд хүрэх вэ ? зэрэг зорилгоо тодорхой болгож төлөвлөх шаардлагатай. Бизнес гэдэг зүгээр бараа авчраад зарахын нэр ерөөсөө биш. Брэндийг хүмүүс яагаад худалдаж авдаг вэ? гэхээр асуудлаа шийдэх гэж худалдаж авдаг. Гутал худалдаж авлаа гэж бодъё. Үйлчлүүлэгч гутал авахдаа тав тухтай гэсэн мэдрэмжийг худалдаж авч байгаа. Та зоригтойгоор зорилготойгоор таны бүтээгдэхүүн ямар асуудлыг шийдэж чадах болон худалдан авагчдад ямар ашигтай билээ? гэдэг талаар мэдээллийг хангалттай өгөх хэрэгтэй. Энэ бол таны брэндийн амлалт юм. 

3. Сошиал медиаг ашиглах 

Дараагийн нэгэн маркетингээ хийх чухал зөвлөмж бол сошиал медиаг ашиглах юм. Яагаад үргэлж сошиалийг голчлон зөвлөөд байна вэ? гэхээр өнөө цагийн бизнесийн хөгжил ерөөсөө л энэ фэйсбүүк инстаграм тикток зэрэг платформууд дээр маркетинг нь төвлөрч байна. Сүүлийн үед PAC гэх ойлголт дэлгэрээд байгаа.

Энэ нь Platform and Culture гэх үгийн товчлол бөгөөд та платформыг хэр сайн ойлгож байна, нийгмийн чиг хандлагыг хэр сайн мэдэрч байна энэ хоёр зүйлийн нэгдлээр маркетинг чинь амжилттай болно гэсэн утгатай юм. 

4. Шийдвэрээ гаргах 

Сургалтууддаа оролцож яваа залуусаа харахад шийдвэр гаргах, шийдэмгий байх гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэйг ажигласан юм. Та бизнесдээ 100% анхаарлаа хандуулаад зүрх сэтгэлээ зориулах уу? Эсвэл 30%-ийг нь бизнесдээ үлдсэн 70%-ийг нь өөр ажил зориулах уу? Үнэн зүрх сэтгэлээ зориулах уу? Хайнга хандах уу? гэдэг таны шийдвэрээс бизнес нь өргөжих эсэх шалтгаалаад байна. Өөрийн бизнестээ 100 хувь энерги, анхаарал төвлөрөлт, хүч чадлаа зориулахын хэрээр таны бизнес хүчирхэгжин өргөжих болно. Харин хайнга хандах юм бол цаашдаа бизнесээ эрхлэх боломжгүй болох магадлалтай юм. Иймээс бизнестээ бүхий л зүйлээ зориулж байж амжилттай бизнесийг бий болгох юм.

5. Цагаа зарцуулах 

Сургалтад суугаад өөрийнхөө мэдлэгийг нэмэгдүүлье гэсэн мөртлөө сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд цаг гаргахгүй байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Үнэхээр та бизнесээ өргөжүүлье гэж бодож л байгаа бол тухайн зүйлдээ 100% цагаа зарцуулдаг байгаарай. Хоёрын хооронд цаг гаргаад өөр олон зүйлд сатаараад байвал энэ бүхэн чинь таныг бизнесээ өргөжүүлж брэндээ таниулахад чинь маш том садаа болох болно. 

Цагаа зарцуулахгүй байгаа шалтгаануудыг дурдвал таны бизнес цаашдаа өргөжин хөгжинө гэдэг итгэл дутуу байгаатай холбоотой байж болох юм. Жишээ нь та үнийн өсөлтөөс болоод өөрийн хөгжүүлж байгаа бизнесээсээ гаръя, цаашдаа энэ бизнес явцгүй болчихлоо гэж бодож байвал би танаас хэдэн асуулт асууя. 

  • Та сошиал медиа дээр 2-3 платформ ашиглан контент бүтээж өөрийн брэндээ бусдад сурталчилж чадсан уу? 
  • Та контент хийж байгаа ч тогтмол тууштай хийж чадаж байна уу? Үүндээ хангалттай цагийг зарцуулж чадсан уу? 
  • Харилцагч үйлчлүүлэгчдээ ойлгож чадаж байна уу? 

Эдгээр асуултуудыг хариулаад үзээрэй. Хэрвээ та хараахан эдгээрийг хийж чадаагүй бол бизнестээ үнэн сэтгэлээ зориулаад хөдөлмөрлөөрэй. Энэ 3 зүйлийг хийж чаддаг болохыг хичээгээрэй суралцаарай. Үр дүнд нь таны бизнес 6 сарын дараа гэхэд өөр түвшинд хүрсэн байх болно.

Бизнес менежментийн зөвлөх, Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа