Бизнес эрхлэгчид эсвэл шинээр бизнес эхлүүлж буй ентерпрёнерууд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд нүүр хагараагүй таныг таньж мэдээгүй дулаацаагүй нэгэнд борлуулалтыг хийх хэрэгтэй болдог. Борлуулалт нь амжилтгүй болдог гол шалтгаан нь хүйтэн зах зээлийн мөсийг хагалж дулаацуулалгүй шууд худалдан авалт хийхийг санал болгодогт байдаг. Иймээс хүйтэн зах зээлийг дулаацуулах 8 аргыг хуваалцъя.

  1. Зорилтот хэрэглэгчээ зөв тодоройл 

Хамгийн түрүүнд бүх хүн таны хэрэглэгч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь: Америкт суралцах хөтөлбөр номоо таниулахдаа би эхлээд Америкт сурахыг хүсч байгаа 25-40 насны хүмүүсийг зорилтот хэрэглэгчид маань гэж тодорхойлоод тэр насны хүмүүсийг судалж эхлэсэн. Тэдгээр хүмүүсийн Америкт сурахад ямар саад бэрхшээл байна? Яагаад Америкт ирэх гээд байгаа гээд бүх зүйлсийг сайтар судалж, хэрэгцээ нь юу байна вэ? гэдэг дээрээс нь үндэслээд тэдэнд хэл сурах бэрхшээл байгааг харж, анх англи хэлний сургалтаа гаргаж ирж байлаа. Тэгэхээр та зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойлчихсон байхад дараа дараагийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд аргыг олоход амархан байх болно.

        2.    Үнэ төлбөргүй хэрнээ үнэ цэнтэй зөвлөмж мэдээллийг хуваалц 

Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлчихсон бол тэдэнд үнэ цэнтэй бөгөөд үнэгүй мэдээллүүдийг хуваалцаж байх хэрэгтэй. Жишээ нь гэвэл би та бүхэндээ Монголд хуримтлуулсан 10 жил ,Америкд сурсан бүтээсэн 10 жил  ба одоо хийгээд явж буй 6,7 жилийн бизнесийн туршлага дээрээ үндэслээд  энэхүү мэдээллийг хүргэж байгаатай адил та бүхэн ч гэсэн ийм чухал мэдээллүүдийг нийтэлж байгаарай. 

       3.    Өөрийгөө танилцуулж бусдад танил бол 

Миний хувьд  Америкд 10 гаруй жил амьдарч байгаа хэдий ч аль хэдийнээ намайг таньдаг, мэддэг, дэмждэг олон хүмүүстэй болжээ. Монголд байхгүй хэрнээ онлайнаар олон танилын хүрээтэй болсон. Энэ бүхэн маань хүйтэн зах зээлд зоригтойгоор сошиал медиад тууштай бөгөөд хүмүүст хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж өөрийн бизнесээ танилцуулж байсны үр дүн билээ. Тиймээс та л сошиалд зоригтойгоор өөрийгөө танилцуулж сошиал хуудсаа хөгжүүлэхгүй л бол хичнээн сайн дижитал маркетер сошиал хөгжүүлэгчтэй байсан ч таны брэндийн жинхэнэ дуу хоолойг хүргэж  чадахгүй. Иймд  та суралцаад өөрөө хийж үзэж туршлага хуримтуулж байх хэрэгтэй юм шүү. 

        4.    Энэ ажлыг яагаад хийж буйгаа хэл 

Би яагаад энэ ажлыг хийж байгаа билээ гэдгийг бусдад хэлэх хэрэгтэй. Хүмүүст өөрийн ажлын талаар чин үнэн хүсэл, зорилгоо хэлэх нь тун чухал.  

Би Америкаас сурсан мэдсэн зүйлээ Монголчуудынхаа оюунд нь хөрөнгө оруулалт хийе тэдэндээ туслья, Монгол улс яагаад Америк орон шиг хөгжиж чадахгүй гэж гэсэн эх орноо гэсэн энгийн нэгэн эмэгтэйн сэтгэлээр анх сургалт хөтөлбөрөө эхлүүлсэн. Хүмүүс чамаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэр бүтээгдэхүүнийг чинь худалдаж авдаггүй яагаад гэсэн шалтгааныг чинь худалдаж авдаг юмаа гэж менежментийн ангид маань заалгаж байлаа. 

        5.     Тэвчээртэй тууштай хий 

Би 6-7 жил энэхүү сургалт хөтөлбар ажлуудаа тууштай хийж явсаар ирсэн. Анхны 1-2 жил бичлэг маань хандалт багатай хэн ч намайг таньдаггүй байлаа. Харин тэвчээртэй тууштай хийсний үр дүнд өнөөдөр би Америкд амьдарч байгаа ч гэсэн Монголынхоо зах зээл дээр бизнес эрхлэгчиддээ танигдаж аз жаргалтайгаар ажлаа хийж амьдарч байна. 

       6.      Халуун дулаан яриа өрнүүлэх сэтгэл дотно орчныг бүтээ 

Магадгүй та бизнесээ эхлүүлээд удаагүй халуун дулаан яриа хараахан өрнүүлж чадахгүй өөртөө бага зэрэг итгэлгүй байвал групп нээгээд юмуу нэгдээд бусад бизнес эрхлэгчидтэйгээ мэдээлэл солилцож туршлагажиж болно. Миний анхны гараа бол хувийн фэйсбүүк маань байлаа. Би тэндээ өдөр бүр пост бичдэг байв. Дараа нь Америкд очоод сурсан зүйлсээ группт хуваалцдаг байсан. Тэгээд эцэст нь фэйсбүүк хуудсаа хөгжүүлж эхэлсэн. 

     7.       Ирээдүйдээ итгэ 

Сургууль эмнэлэг яагаад байдаг юм бэ? Хэн нэгэн өвдлөө гэхэд эмнэлэг рүү явдаг. Яагаад? Өвдчихсөн хүн эрүүл болно гэж итгээд эмнэлэг рүү явдаг. Хүмүүс яагаад үр хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг юм бэ? Хүүхдээ сайхан амьдарна гэж итгэсэн учраас сургуульд явуулдаг. Тэгвэл бид яагаад бизнесдээ итгэх ёстой вэ? Бид нэг л өдөр бизнес маань хөгжөөд бусдад туслаад амжилттай явна гэж итгэж байгаа учраас бизнесээ хийгээд явж байгаа. Хэрвээ чи итгэлээ алдчихсан бизнесээ орхих талаар бодчихсон яваа бол үгүй шүү. Зуурсан байгаа үзүүрээсээ улам чанга атгаад түүнийгээ улам батжуулан дэлгэрүүлээрэй. Таны бизнесийн гол тулгуур  ИТГЭЛ юм. 

     8.    Өөрийгөө тасралтгүй хөгжүүл 

Хүн бүр гар утаснаасаа мэдээлэл авдаг болчихсон дижитал маркетинг хөгжсөн энэ үед өөрийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй билээ. 

  • Өөрийгөө туршлагагүй гэж бодож өөртөө итгэлгүй явах хэрэггүй. Бусдын юу гэж хэлэхээс бүү ай. Туршлагатай болохоороо эхлэнэ гэж бодож хугацаа алдах хэрэггүй. Дараа нь харамсдаг учраас одоо эхэл. 
  • Би ийм сургалтад явах цаг алга завгүй гээд тэр бодолдоо захирагдаад хөгжихгүй байгаад байж болохгүй. Хүн чухал гэж бодсон зүйлдээ заавал цаг гаргадаг. 
  • Өмнөх дадал зуршлуудаа өөрчил. Өнөөдөр чи амьдралдаа ямар стандарт тавьж байна.Тэр стандартандаа хүрэхийн тулд хөдөлмөрлө. 

Бизнес менежмент, дижиталын маркетингийн зөвлөх Т.Гантуяа