Манай “Брэндээ хөгжүүлж, бизнесээ өргөжүүл” сургалт болон бусад бизнесийн сургалтын дийлэнхи оролцогчид эмэгтэйчүүд байдаг. Бизнесээ эрхлэхээс гадна өөрийгөө хөгжүүлэхээр суралцаж байгааг нь хараад тэднийгээ илүү их хайрлаж, хүндэлмээр санагддаг юм.
Эмэгтэй хүн, эхнэр хүн бие дааж бизнес хийхэд хэцүү юу? гэвэл хэцүү. Хүүхдүүдээ асрах, гэр бүлдээ цаг гаргах, хань ижлээ халамжлах гээд түмэн бэрхшээлийг давж байж бизнесийг хийнэ.
Манай нэгэн долларын саятан Канадын эрэгтэй ментор “Та гэрлэсэн бол амжилттай бизнес эрхлэхийн хамгийн эхний чухал үндэс нь эхнэр эсвэл нөхөр” гэж хэлдэг.
Хэдий та өөрөө хүсэл мөрөөдөл хичээл зүтгэлтэй байлаа ч хань ижил нь таныг үгүйсгэдэг, бизнесээ эрхлэхэд цаг гаргахад тусалдаггүй бол та хичнээн хичээсэн ч амжилтанд хүрэхгүй, стрессдэх болно.
Тиймээс өндөр албан тушаалд ажиллаж буй эсвэл амжилттай бизнес эрхлэдэг эмэгтэйчүүд ганц бие нэг бол өрх толгойлсон ээж байх нь элбэг. Үүнд эмзэглээд байх зүйлгүй юм.
Олон сайхан авъяастай бүсгүйчүүд урлаг, спорт, бизнесийн ертөнцөөс чимээгүй алга болсоор байдаг. Учир нь хайртай хүмүүсийнхээ төлөө, хайртай гэр бүлийнхээ төлөө.
Бизнес хийдэг эмэгтэйчүүдийн өмнө гэр бүлээ сонгох уу? эсвэл бизнесээ сонгох уу? гэсэн асуултууд байнга гарч ирнэ.
Эцэст нь хамгийн чухал гэсэн шийдвэрээ гаргана.
Харин гэр бүл болон бизнесийн аль алийг нь сонгож амжуулахаар шийдсэн бол дараахь алхамууд чухал.
1. Хань ижилтэйгээ ойлголцох
Таны нөхөр танд хайртай бол хүсэл мөрөөдлийг чинь хүндэлж хайрлаж түүндээ цаг гаргах эрхийг өгдөг байх хэрэгтэй юм. Гэхдээ та бас хэтрүүлж болохгүйг анхаараарай.
2. Гэр орны ажлуудаа хөнгөвчлөх
Гараар хийдэг байсан ажлуудыг автомат машинуудаар хийлгэх зүйлд хөрөнгө оруулалт хийх (Угаалгын машин, аяга таваг угаагч, тоос сорогч, гурил зуурагч, хэрчигч машин гэх мэт)
3. Хүүхдүүдээ харахад туслах хүнтэй байх
Ажлаа хийж байх хооронд найдвартай хүүхэд харах асрагчийг олох нь таны стрессийг бууруулна. Тийм хүн олдохгүй бол хүүхдүүдээ унтаж байх хойгуур ажлуудаа амжуулах эсвэл нөхөртөө хэлж тусламж авахаас өөр аргагүй юм.
4. Дэмий зүйлд үрдэг цагаа багасгах
Та өөрийнхөө цагийг аль хэсэгт нь үр ашиггүй өнгөрөөж байна тэр болгонд таны мөнгө алга болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймээс өөртөө цагийн хяналтыг хийж, үр бүтээлгүй өнгөрөөж буй цагаа үр бүтээлтэй болгох дээр анхаараарай.
5. Өөрийнхөө залхууралд хэн нэгнийг буруутгахгүй байх
Өөрөө хийх ёстой байсан ажлуудаа цагт нь амжуулж чадахгүй, залхуурч байгаадаа гэр бүлийнхэнийгээ буруутгаж, бухимдах нь элбэг. Иймээс гялалзуур үр бүтээлтэй, хариуцлага мэдэрдэг нэгэн байх хэрэгтэй юм.
Эцэст нь хэлэхэд бизнес хийхээр шийдсэн л бол хамгийн чухал нь та өөрөө бөгөөд таны тууштай хичээнгүй байдлыг хүмүүс үнэлж хүндэлтэл хөдөлмөрлөөрэй.
Брэндээ хөгжүүлж, бизнесээ өргөжүүлэхээр хөдөлмөрлөж буй ээж болон эмэгтэйчүүддээ амжилт хүсье!
Бизнес менежментийн зөвлөх, Дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа